2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


2019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

5-р сарын 1 - 10 цаг 37 минут

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ. 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын  температурын  дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1992, 2000,  2007, 2009, 2017 онд олон жилийн дунджаас 1.0-2.5 градусаар дулаан байж, Орхон-Сэлэнгийн хөндий, говь, талын нутгаар өдөртөө 32-37 градус хүрч халж байсан бол 1995, 2011,2016 онд ихэнх нутгаар 2-3 градусаар хүйтэн байв.

Хур тунадас нь Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог (2 дугаар зураг). Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998, 2004, 2009, 2017 онд харьцангуй бага хур тунадас орж, хуурай халуун байснаас ой хээрийн түймэр ихтэй байв. Харин 1988, 1999, 2002, 2003, 2005, 2010, 2011, 2014, 2016 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас орсноос 2011 онд Дархан-Уул, 2005 онд Хэнтийн Дадалд, 2014 онд Төв аймгийн Баян, Хэнтийн Оргилд, 2016 онд Сүхбаатарын Баяндэлгэрт 72-85мм буюу уур амьсгалын дунджаас 5-6 дахин их орсон байна.

 Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 

Бaруун аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй(3 дугаар зураг).

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Энэ сард ихэнх нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зурaг ).

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гурав дугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.   

Төвийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 0-8 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй(3 дугаар зураг).

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Төв аймгийн хойд хэсгээр, Сэлэнгэ, Булганы ихэнх нутгаар ОЖД-с бага зэрэг ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг).

            Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Энэ үеүдэд салхи зарим газраар 9-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.  

Зүүн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 8-14 градус дулаан байх ба Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр 25-30 градус хүрч дулаарах төлөвтэй.

Энэ сард Хэнтийн хойд хэсгээр ОЖД-с бага зэрэг ахиу, Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

            Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. 

Говийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 14-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй(3 дугаар зураг)

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг).

            Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

            Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 15-17 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна10 минут 5 секундын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.