2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Үрийн буян /Өгүүллэг/

6-р сарын 26 - 11 цаг 51 минут

Үзчихээд өгье гэсэн ч үл олдох хувь заяа Чандага хэмээх хар модны ур шиг магшгар бор өвгөнд оногдсон ажгуу. Чандага Чандага л гэцгээгээд байсан чинь чүлдийсэн хар залуу л байсан даг гэж үеийнхээ охидтой аальгүйтэж байсан Дэлгэрмаа охиныг нэг л өглөө хөтөлж аваачин гэргий заяанд аргамжсан Чандага энэ жил тавин таван насныхаа бусгаа булгиатай он жилүүдийг ардаа орхисон билээ.

 Царам хангайн даваа нь цалин мөнгөн дуулгатай

Царайлаг төрсөн Бурам нь харчуулын сэтгэлд уяатай
Булган хангайн даваа нь будан манан хөшигтэй
Бурханы дүртэй Бурам нь

Бусдын сэтгэлд уяатай гэж залуу зандан насандаа дуулагдаж явсан Бурмаа эмгэн болоод түүний ганц хүү Чандага хоёрын туулсан амьдрал эгэл нэгнээс тэс ондоо билээ.

Тостой гараар баримгүй, тойгтой болгонд заяамгүй, торомгор нүдэн Бурам охиныг арван зургаа хүрдэг жил зэргэлдээ хошууны угсаа залгасан тайж, батга Банзар гэгч баян эр, өмөг түшиггүй ядарсан эхийг нь номгочилж, саалийн хоёр үнээ, дээлийн ганц даавуу авчирч шидчихээд, Бурам охиныг нь булаах шахам богтолж аваад бага хатан өргөмжлөв.

Дээшээ хэлье гэвч тэнгэр хол, доошоо шургая гэвч газар хатуу болохоор уйлж унжин эсэргүүцэвч арга үгүй тул хөгшин эрийн эрхшээлд бүтэн жил тарчилсан аж.

Үйлийн үрийг эдэлж бардаг, уулын өндрийг мацаж давдаг ёсоор өдөржин халамцуу агсамнаж, шөнөжин хавсайны гурил шиг нухах дээрэнгүй эрээс түр ч атугай холдохын мөрөөс болж, араг үүрэн аргалд явахдаа настай буурал ээждээ сэтгэл зовинон усан нүдэлж явдаг байв.

Зуны эхэн сарын аравдын нэгэн сайхан өглөө араг үүрээд алхаж явтал урдаасаа хойшоо зүглэсэн их замын дунд ганц хурга шиг цагаан зүйлийн дээр хэдэн хар шувуу эргэлдэж байхыг үзэв.

Оторчдын нүүдлээс хурга унтаад хоцорчихжээ. Шувуу нүдийг ухаад идчихсэн байх вий гэж бодон, арагтай аргалаа дэрс түшүүлж хаячихаад гүйгээд очтол, чандага шиг цагаан хүүхэд түрүүлгээ хараад хэвтэж байв.
Хээрийн замд гээж орхисон хүүхэд таарвал ном ёсоор нь хөдөөлүүлдэг монгол ёс байдаг тухай Амбаа өвөөгийн ярьж байсан үгийг гэнэт санасан Бурам ээтэн гутлаараа зөөлөн эргүүлтэл татвасхийх шиг болоход цочсондоо

-Ээжээ гэж дуу алдаад буцаад гүйв.
-Арай амьд юм биш үү гэж бодон, эргээд хартал айж гайхсан шинжгүй шатрын хүү шиг сууж байв.
-Яана аа амьд байна гэсэн бодол төрөн эргээд гүйгээд очтол, хорголон хар нүдээ паацгар гараараа нухаад өмнөөс нь мөлхөв.

-Эвий минь эвий минь. Амьд хүүхдийг хаячихдаг хаашаа янзын хүмүүс вэ гэж бодон, сөгдөн сууж тэврээд, өвөр дээрээ автал,

-Ба ба ба гэж үглээд, мөөмөө эрэн энгэр цээжийг тэмтчин уйлагнав.
Хүүхэд нь тогтдоггүй айл эндсэн хүүхдээ ганзагалж давхиад гээдэг ёс энэ нутагт байдгийг муухан гадарлах Бурам ой гарантай хүүг элгэндээ тэвэрсээр гэртээ очив.

Хээрээс хөсрий хүүхэд тэврээд ирсэн буянаа барсан золбин эм амар тайван амьдралд гай дуудлаа хэмээн харааж зүхсэн тайжтан, гэрийн хошлонд хавчуулсан гурамсан чөдөр авч, улаан гүвдрүү таттал толгой түрүүгүй ороолгоход, үүдэн дээрээ ташаа тулан зогссон эгч хатан бах нь ханасан янзтай ярвайн зогсоно. Амиа гээсэнд тооцогдож, үрэгдэгсдийн тоонд хаягдсан ой гарантай нялх хүүг элгэндээ тэврэн, догшин эрийн гарт базуулчихалгүй халхалсаар өөрийнхөө амийг зольчих шахав.

Араатны дунд ээрэгдсэн хөхүүл шаргачин шиг Бурам хатан, яраглан уйлагнасан нялх хүүг өмсөж явсан тэрлэгэндээ боон, элгэндээ тэврээд, өөрөө өвдөж шархалсандаа бөмбөгнөтөл чичирч суув.
Борооны усанд дэвтэж, нарны илчинд хатсаар төмөр шиг хатуурсан чөдрийн чагтанд яз цохиулсан хуйхнаас нь шингэн ягаан цус нүүрийг нь даган урсахдаа, нулимстай нь холилдон нялх хүүгийн нүүрэн дээр под под дусахад, мөөмөө хайсан жаал хүү амаа ангалзуулан уйлагнана.

Гээсэн хүүхэд авчирсан Бурам хатан олдмол хүүхдээ тэврэн, уйлж суухад хорвоо ямархан бачим гэдгийг голдоо ортол ухаарч байв.

Гэтэл хүний ядарсан нь хүнд тусладаг нь хүмүүний ёс уу гэлтэй, сульдаж суларсан хүүд ямааны сүү, эвэр угжтай авчирч өгсөн Дулам чавганц

-Хатантан минь миний бор гэрт орж, аяга бүлээн цай уу гэсээр хүүг тэврэн майцганав.
Өглөө үүр цайв уу, үгүй юу, хошуу нутгийн урдаа барих ном эрдэмтэй өвгөн ламтанг залж авчирсан Банзар тайж засал ном уншуулж, муу ёрыг зайлуулах гүрэм дом хийлгүүлэв.
– Ээ бурхан Гончиг сүм минь их л буруу үйл болж дээ гэж нүдээ анин тарни унших зуур
-Хойд хошууны ядарсан чавганцын ганц охиныг богтолж авчирсан хөгшин ухнаас энэ муу хоёрыг салгаад явуулчихъя. Хүний нялх охин миний муу өнчин зээгээс ялгаа юу байхав.

Өөрийнхөө тавилан төөргөө дагаг гэж бодоод
-Тайжтан минь чөтгөр шулмын хорлол болсон тэр хоёрыг өргөөндөө оруулах нь бүү хэл ойртуулж ч болохгүй.
Хүрэн халзан гүү унуулаад үтэр түргэн төрхөмд нь буцаавал таны амь насанд нүүрлэсэн аюул занал зайлах учир жанцан харагдаж байна гэж туйлын итгэлтэй хэлэв.
-Ламтан минь тэр хүүхдийн амыг бариад, хатнаа авч үлдэх арга чарга алга уу гэхэд хонх дамраа огцом хүчтэй цохин
-Тэгвэл намрын эхэн сард баруун хойш хөдөөлүүлээрэй гэж үлдсэн хүмүүстээ захиад үхлээ хүлээж суудаа гэж ихэмсэг бардам хэлээд дуугаа хураан суучихжээ.
-Тайжтан минь та хатан намайг байг гэхэд идэрхэн биеэ бодооч дээ. Тэр муу хялар хүүхэн яахав дээ. Бүр болохгүй бол миний үеэл дүүг хатан буулгаад авчих гэж уйлагнахыг харсан ламтаны хөх инээд хүрч,
-За их хатантан аргагүй л алсыг боддог ухаантай бүсгүй юм байна гэж хэлээд хоолой дотроо хүд хүд инээж суулаа.
Ялихгүй магтаалд хөөрч баярласан хатан авгай мяраалаг биеэ займчин өвгөн тайж өөд инээд алдан мишилзэнэ.

Бага хатнаа алдах болсондоо багтарч ядтал уурласан Банзар тайж
-Тэгвэл хоёуланг нь нүднээс далд хийчих үү гэж санаандгүй үг алдав.
-Ээ бурхан минь. Өдрийн нар хүүшилж, насны нар ханын толгойд гарсан өвгөн гэлэн би эртхэн мордоё. Муугийн уршиг олонд, могойн хорлол тэнгэрт гэсэн хуучны үг байдаг юм.
Тайж таны буруу бодол гэлэн миний хоолой боож байна. Хэрвээ та энэ хоёр ороолонд гар хүрвэл, таны үр үндэс есөн үеэрээ тамд унаж, та өөрөө халуун зунаар бээж үхэх аюул тун ч ойрхон харагдаж байна гэж хэлээд судар номоо хумьж хонх дамраа боохыг харсан Банзар тайж далан таваар бууж өгөн, давхар эрүүгээ хагшин,

-Лам багш та тогтож хайрла. Мөхөс би амны алдас хийлээ. Одоохон хөөж явуулъя гэж хөлстэй духаа бөнжигнөтөл салгалав.

-Үгүй ээ үгүй. Сайтар хооллож ундлаад, хүрэн халзан гүү унуулан сүү өргөн явуулаарай.
Тайж та огтхон ч харагдах хэрэггүй. Муу юмны хорлол танд эвтэйхэн наалдана шүү.
Эр хүний жаран нэгний жил эмзэг байдаг гэдгийг мэднэ биз гэж хэлээд маани уншин шар модон эрхи юугаа шажигнуулан уншив.

Арваад жилийн өмнө тайжийн хатны судсыг барьж суугаад жаахан лавшруулаад үзтэл жигтэйхэн уурсаж, өмнөө дэлгэсэн судрыг нь аваад цацчихаа шахсаныг бодоод унтууцаж явснаа санав.
Муу үг модон улаатай гэдэг ч яг үнэндээ салхин улаатай байдаг ажээ.

Жаал хүүгийн төрсөн аав ээж нь эндэж үрэгдсэнд тооцож, гээж орхисон хүүхэд нь амь орсоныг дуулаад санд мэнд давхиж ирэн уйлаан майлаан болохыг мэдсэн тайжийнхан цувралдан гарав.
Ухаангүй шахам уйлсан багтарсан бүсгүй нөхрөө сугадан орж ирээд Банзар тайжийн өмнө сөхөрч
-Миний хүү амьд байна гэнэ ээ. Бид хоёр азтай юм гэж эг мадаггүй уйлав.

-Бурханы шавь та хоёр өвгөн гэлэнгийн үгийг болгоо гэж хэлээд уйлж хавагнасан зовхитой бүсгүйг ажиглан, судсыг нь барьж толгой гилжийн чагнаж сууснаа
-За ашгүй дээ. Бие давхар болсон байна. Энэ хүүхдийг нь л тогтоож өгөх өр тавья даа. Гадаах хоёрыг салгавал тэр муу охин Банзар тайжийн гарт дахиад л тарчлана. Бүр ч зовох юм байна гэж бодож сууснаа, унзад хоолойгоор судар унших мэт
-Тэр хүүхэд одоо та хоёроос эх үрийн холбоо бүрмөсөн тасарсан байна.
Нэгэнт оршуулж гээсэн хүүхдийг авч хариваас эхнэрийн чинь хэвлийд бүрэлдэн яваа хүүхдийг тань дагуулаад буцах төлөг буулаа гэж айлдаад
-Дүү нар минь энэ хүүхэд амьд мэнд үлдвэл хаана ч явсан ялгаа юу байхав гэж нэмж хэлэв.
-Ээ эгэлгүй мэргэн багш минь шуналт эмийг өршөө. Миний бие давхар болсныг надаас өөр хүн мэдэхгүй. Та л авралдаа багтааж хайрла гэж өвгөн ламын өвдөгийг түг түг хийлгэн мөргөв.
-За хэд хоногоос танайхаар бууж, засал ном айлдая.
Та хоёр одоо гэртээ харьж үз. Тайван амгалан амьдар. Зүгээр зүгээр гэмгүй. Дараа төрөх хүүхэд чинь эхийгээ дуурайсан хөөрхөн охин харагдлаа. Олон дүү дагуулах нь ээ гэж хэлээд адис өгөв.
-Багшаа бид хоёр хүүгээ харчихаад явж болохсон болов уу гэж сэтгэл санаа тайтгарсан бүсгүй эхэр татан санаа алдаж асуухад

-Тэр болохгүй ээ. Оршоогоод явсан талийгаачаа эргэж хардаггүй учиртай. Тэр хүүхэд та хоёроос төрсөн нь үнэн ч гэлээ одоо та хоёрт хамаагүй болсон гэж хэлээд нүдээ анин гүвэр гүвэр хийн залбирал тавив.
-Багш минь танд гялайлаа. Удахгүй таныг гэртээ залъя гэж эр нөхөр нь хэлээд сүсэг бишрэлтэй тонгойн адис авав.

-Шавь нар минь өнөөдрөөс уйлж унжих учиргүй. Их гашуудвал наад гэж бүсгүйн хэвлийрүү зааж,
-Хүүхэд чинь үргэчихнэ шүү.
Залуу та архи сархаднаас хол яв. Саяхан унаа мориноосоо унаж бэртэх шахжээ дээ гэхэд үг сүггүй толгой дохин зөвшөөрөв.
-Хэдхэн сарын дараа хүүхдээ төрөхөөр гэр тань дүүрээд ирнэ ээ. Эргэж харалгүй яваад гэртээ харьдаа гээд дахин адис тавин явуулав.

Уйлж бархирсаар ирсэн эр эм хоёр сэтгэл тайвширч инээмсэглэн мордоцгоолоо.
Ийнхүү хээрээс олсон хүүгээ тэврэн, тайжийн барьж өгсөн хүрэн халзан гүүг унан нутгийн зүг шогшуулсан Бурам ижийгээ аваад нэг л өглөө харах бараагүй нүүж одсон байв.

Үнэндээ өнчин ядуу тэр гурвыг хэнч үгүйлээгүй бизээ.
Хар нялхаараа мунаг эрийн гарт орж тарчилсан ижий минь дахин эр хүнд итгээгүй биз хэмээн Чандага сүүлийн үед боддог болсон билээ.
Ардын засаг бэхжиж, ядуу буурайг дэмжсэн сайхан цагийг үзэх хувь ерөөлтэй Бурам их хотын цэргийн оёдлын үйлдвэрт ажилд орж, хүү өдөржин эмэг эхтэйгээ өнждөг байв. Шөнийн бор хоногт ижийнхээ өвөрт эрхэлж унтдаг жаалхүүг миний Чандага гэж өхөөрдөн дууддаг байв.
Цаг хугацаа үл зогсон эргэлдсээр нэг л мэдэхэд хүү сургуульд орох нас хүрч, ижийнхээ оёж өгсөн улаан таван хошуутай цэнхэр даалимбан цүнхэнд хоёр дэвтэр нэг балын харандаа хийн үүрч, ижийдээ хөтлүүлсээр сургуулийн босгоор алхан оров.

-За энэ ижийтэйгээ ав адилхан хөөрхөн хүүгийн овог нэр хэн билээ гэж асуусан багшийн өмнө хэлэх үггүй түгдэрснээ

Бурамын Чандага гэж хэлж анх удаа бүртгүүлсэн юм.
Чандага хүү олноос онцгой сурч чадаагүй ч бас хоцорч ижийнхээ нэрийг дуудуулсангүй. Эх орны алтан гурав, аз шовойвол сайн дүн чирсээр долоон жил суралцаад дунд сургуулиа дүүргэв.
Оёдлын үйлдвэрийн ахмад ударник Бурам авгай хүүгээ цэргийн албанд татагдан хил дээр алба хаасан нэг мянга есөн зуун дөчин найман онд үйлдвэрийнхээ залуухан бүсгүйчүүдэд
-Та нар миний хүүг ямар царайлаг гэж санана аа. Ямар сайн даа Чандага гэж нэрлэх вэ гэж бахархалтай ярихад

-Бурам эгч өөрөө ийм царайлаг юм чинь хүү нь сайхан залуу байж таарна хэмээн хоорондоо шивэгнэлдэнэ.
Миний хүү цэргээс ирсэн гэсээр нэг л өглөө улаа бутран орж ирсэн Бурам мастерийн араас тоодойсон бор залуу орж ирэхэд бүгд инээлдсэн билээ.
-Чандага Чандага л гээд байсан чинь чүлдийсэн хар залуу л байна даг хэмээн тас тас инээсэн Дэлгэрмааг тогтоож харсан хархүү цав цагаан шүдээ яралзуулан инээж
-Царай нь борхон ч сэтгэл цагаан хүн шүү би гэж хэзээ язааны танил хүн шиг хэлсэн билээ.
-Миний хүү том тэрэгний жолооч болсон гэж хөөрөлхсөн Бурам авгайг өглөө бүр хүргэж ирдэг Зис-5 машины жолооч Чандагыг анх удаа шохоорхон харсан хүүхнүүдийг үл тоох мэт хэнэггүй харсан Чандагатай хамгийн түрүүнд Дэлгэрмаа танилцсан билээ.
Улаан буланд орой бүр болдог цэнгээнт бүжигт үзэгдэж харагддаггүй Чандага хаа нэг ижийгээ даган орж ирээд,буурал ижийгээ алга дэлгэн урьж сэнс шиг эргэлдэж бүжиглэхийг охид хүүхнүүд шохоорхон харна.
Гэтэл нэг л мэдэхэд Бурам мастер хүүгээ Дэлгэрмаатай хөл нийлэн бүжиглэхийг харж сэтгэлийн цэнгэл эдэлдэг болсон байв.

…Өнөөдөр Чандага Дэлгэрмаа хоёр ижийгээ баярлуулахаар ач зээ нараа жагсаан цэцэрлэгийн багш нар шиг хоёр талд нь хашин алхана.

Далан настай Бурам авгай гуч хүүхдүүдээ харж өөрөө жаахан хүүхэд шиг бөгцөг няслан тоглодог ч цагийн цагт ханцуйгаараа нусаа арчсан, хадны сээтэн шиг хөдөлгөөнтэй бүлтгэр бор жаалыг аминчилж эрхлүүлэх дуртай билээ.

Соёрхын Пүрэвсүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.